ДММЗХ-ны 19-р их хуралд Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэг оролцов

олон_улс
2026 оны нэгдүгээр сарын 17
ДММЗХ-ны 19-р их хуралд Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэг оролцов
Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Холбоо (ДММЗХ)-ны 19-р их хурал Дубай хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлөн оролцож туршлага, санал бодлоо солилцлоо.

Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Холбоо (ДММЗХ)-ны 19-р их хурал 2025 оны 11 сарын 30 өдрөөс 2025 оны 12 сарын 05 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод амжилттай зохион байгуулагдлаа. ДММЗХ-ны албан ёсны гишүүн улсын хувиар Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийг төлөөлөн тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Энхбаяр оролцож, цаашдын мэдрэлийн мэс заслын хөгжлийн талаар мэргэжил нэгт эмч нар болон удирдлагуудтай санал бодлоо солилцов.

ДММЗХ-ны их хурлаар дараагийн 2 жилийн удирдах зөвлөлийг сонгодог тул онцгой ач холбогдолтой юм. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ-аас нэр дэвшсэн Prof. Kenan Arnautovic нь 3 өдрийн турш хэлэлцүүлэгдсэний эцэст олонхын саналаар сонгогдлоо.

Prof. Kenan Arnautovic
Prof. Kenan Arnautovic

Мөн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний шинэ дэвшилтэт эмчилгээний арга, туршлагаас суралцаж, олж авсан мэдлэгээ хуваалцан цаашид Монгол Улсад нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан зөвшилцөлд хүрлээ.

Тус хурлын үеэр тархи болон нуруу, нугасны хавдрын үеийн мэс заслын аргачлалууд, түүнчлэн бусад шинэ эмчилгээний арга технологиудыг танилцуулж, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэв.

Мөн ДММЗХ-ны 2027 оны 20-р их хурлыг Индонези Улсын Бали хотод 11 сарын 16–17-ны өдрүүдэд зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэлээ.